Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ ОРНЫ ГЕОМОРФОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” СЭДВИЙН ХҮРЭЭНД МЭДЛЭГ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“МОНГОЛ ОРНЫ ГЕОМОРФОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” СЭДВИЙН ХҮРЭЭНД МЭДЛЭГ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 оны 05-р сарын 23-ны өдөр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн хоёрдугаар байранд “Монгол орны геоморфологийн судалгааны тулгамдсан асуудлууд”-ын хүрээнд мэдлэг солилцох уулзалт, семинар амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уулзалт, семинарыг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын даргын урилгаар Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор, профессор Х.Уламбадрах удирдан явуулж, Монгол орны геоморфологийн судалгааны өнөөгийн байдал, анхаарах асуудлуудын хүрээнд дөрвөн тусгай агуулга бүхий илтгэл хэлэлцүүлж, судалгааны арга, туршлагынхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Илтгэлүүдэд дараах үндсэн асуудлуудыг онцлон дэвшүүлсэн.

  1. Геоморфологийн нэр томьёоны нэгдмэл байдал

Сүүлийн жилүүдэд геоморфологийн чиглэлээр судалгаа хийхэд нэр томьёоны олон янз байдал, орчуулгын зөрүү, ойлголтын ялгаа нь судалгааны үр дүнг харьцуулах, мэдээллийг нэгтгэхэд хүндрэл үүсгэж байна. Монгол орны байгалийн өвөрмөц онцлогт нийцүүлэн орчуулсан, нэгдсэн нэр томьёоны сан бүрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай, ялангуяа уламжлалт ахуй, нутгийн нэршилд үндэслэсэн морфологийн хэлбэрүүдийг орчин үеийн шинжлэх ухааны нэршилтэй нийцүүлэх нь нэн чухал байгааг онцоллоо.

  1. Бүс нутгийн геоморфологийн судалгааг гүнзгийрүүлэх шаардлага

Монгол орны бүс нутаг бүрийн геоморфологийн онцлог, рельефийн хөгжлийн шалтгаан, үйл явцыг ялган шинжлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд салхины, мөстлөгийн, урсгал усны зэрэг процессын үйлчлэлийг нарийвчлан судалж, бүс нутгийн рельефийн хөгжил болон структурын уялдаа холбоог тодорхойлох, цаашлаад геологийн үндсэн бүтцийн нөлөөллийг геоморфологийн судалгаанд бүрэн тусгахгүйгээр гадаргын хэлбэр, түүний үүсэл, хөгжил бүрэн дүүрэн тайлбарлагдах боломжгүй гэдгийг онцоллоо.

  1. Геоморфологийн судалгааны орхигдож буй чиглэлүүдийг өргөжүүлэх

Монголд одоогоор ховор судлагдсан боловч геоморфологийн хувьд өндөр ач холбогдолтой гравитацын (хүндийн хүчний), интрузивны гаралтай хэлбэршил, тектоник геоморфологийн судалгаа зэргийг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага байгааг тэмдэглэлээ.

  1. Геоморфологийн зураглалын тасралтгүй шинэчлэл

Шинээр илрүүлсэн гадаргын хэлбэрүүдийг газрын зурагт тэмдэглэн, геоморфологийн зураглалыг тогтмол шинэчилж, байгалийн өөрчлөлтийн урт хугацааны суурь мэдээлэл болгон ашиглах нь шаардлагатай онцоллоо.

  1. Морфометрийн судалгааг өргөжүүлэх

Гадаргын хэлбэр, усан сүлжээний бүтэц, эрчимшил зэрэг үзүүлэлтийг тоон аргаар үнэлэх морфометрийн судалгаа нь геоморфологийн бүх салбарт (карст, вулкан, цэвдэг, усны) хэрэглэгдэхүйц үндсэн аргачлал гэдгийг онцлоод усан хагалбарын (drainage basin) морфометрийн үзүүлэлтүүдийг ашиглан сав газрын структурын нөлөөлөл, урсгал усны процессын нөлөөг үнэлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэхийг чухлыг дурдаад улмаар эдгээр судалгааг гравиметрийн судалгаатай уялдуулснаар гадаргын болон гүний геоморфологийн процессуудыг цогцоор нь үнэлэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Нэг цагийн хугацаатайгаар төлөвлөгдсөн уг уулзалт, семинар 3 цаг 30 минут үргэлжилсэн нь геоморфологийн чиглэлээр ажиллаж буй судлаачдын дунд Монгол орны геоморфологийн нэр томьёо, ойлголтын нэгдмэл байдлыг бүрдүүлэх шаардлага өндөр байгааг, мөн энэ хүрээнд шийдвэрлэх олон асуудал байгааг тодорхой илтгэж байна.

Энэхүү уулзалт, семинар нь Монгол орны геоморфологийн судалгааны өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудал, хөгжлийн хэрэгцээг тодорхойлж, цаашдын судалгааны чиглэл, арга зүйн шинэчлэлд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулахад чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо. Түүнчлэн геоморфологийн шинжлэх ухаанд нэгдсэн нэр томьёоны хэрэглээ, орчин үеийн технологид тулгуурласан судалгааны арга зүйг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь тус салбарын цаашдын хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэх ач холбогдолтой алхам болсон юм.

Түүнчлэн энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд Эгийн голын усан цахилгаан станцын суурь судалгааны хүрээнд геоморфологийн иж бүрэн судалгааг тектоник геоморфологи, флювиаль геоморфологи, инженер-геоморфологи болон гравитацийн геоморфологийн чиглэлээр төлөвлөн гүйцэтгэх боломжтой гэсэн нэгдсэн байр суурь, шийдэлд хүрэв.

 

Мэдээллийг бэлтгэсэн: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбар


Бусад мэдээлэл