Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОЛОН УЛСЫН ГАН, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР 2025
ОЛОН УЛСЫН ГАН, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР 2025

Жил бүрийн 6 сарын 17-нд олон улсын “Ган, цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг дэлхий нийтээр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг 1994 онд баталж, 195 улс орон нэгдэн орсон бөгөөд манай улс 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг болсон юм. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болоод байгаа билээ.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Цөлжилтийн судалгааны салбарын хамт олон 2025 оны “Ган, цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан НҮБХХ, БОУАӨЯ, ЭЗХЯ, Үндэсний төв номын сан, Оюуны хөгжлийн институт, Таван богд ББСБ зэрэг байгууллагатай хамтран цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хэлэлцүүлэг хийх, эссэ бичлэгийн уралдаан, цөлжилттэй тэмцэх онолын болон практик сургалт зохион байгуулах зэрэг мэдлэг хуваалцах үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.



НҮБ -н Цөлжилттэй тэмцэх конвенцын газраас  дараах уриалгыг дэвшүүлж байна

“Газрыг дахин унаган төрхөд нь сэргээх чадал бидэнд бий. Нөхөн сэргээсэн газар хязгааргүй нөөц бололцоог агуулдаг. Тэдгээр боломжийг нээх цаг нь ирсэн”.

Энэ жилийн олон улсын “Ган, цөлжилттэй тэмцэх өдөр” дэлхий дахины хамгийн тулгамдсан асуудал болох 1.5 тэрбум га доройтсон газрыг нөхөн сэргээх, 2030 он гэхэд газрыг нөхөн сэргээх их наяд долларын эдийн засгийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилтыг анхаарлын төвд тавьж байна. 2025 оны Ган, цөлжилттэй тэмцэх өдрийг “Газрыг нөхөн сэргээе. Боломжуудыг нээе“ уриатайгаар тэмдэглэж байгаа явдал нь байгалийн нөөц болох газрыг нөхөн сэргээснээр хэрхэн ажлын байр бий болгож, хүнс ба усны аюулгүй байдлыг бэхлүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжиж, эдийн засгийн дархлааг хангадаг болохыг даян дэлхийн хүн төрөлхтөнд ойлгуулан таниулахад оршино.

Газрыг нөхөн сэргээх яагаад чухал вэ ?

Дэлхий дахины ДНБ-ий тэн хагасаас илүү нь эрүүл экосистемд тулгуурладаг. Гэтэл жил бүр Египет Улсын нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний талбай доройтолд орж, биологийн олон янз байдал нь алдагдаж, гангийн эрсдэл нэмэгдэж, хүн ам дайжихад хүргэж байна. Цөлжилтийн тархах нөлөө нь дэлхий даяарыг хамарч, хүнсний үнэ нэмэгдэж, тэр байтугай шилжилт хөдөлгөөн идэвхэждэг.
Гэтэл газрыг нөхөн сэргээх нь энэ бүх сөрөг үзэгдлийг арилгадаг. Нөхөн сэргээхэд зарцуулсан нэг доллар тутам нь 7-30 ам.долларын үр ашиг өгдөг. Газрыг нөхөн сэргээснээр түүний бүтээмж нэмэгдэж, усны эргэлт тогтворжин, хөдөө орон нутгийн сая сая өрхийн амьжиргаанд дэм болдог. “Ган, газрын доройтлын асуудал нь манай гарагийн эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал, хүнсний үйлдвэрлэлийг тасалдуулснаар хүн төрөлхтний амьдралын чанарыг бууруулах томоохон хүчин зүйл болж байна. Газрыг нөхөн сэргээх нь эдгээр эрсдэлээс сэргийлж, шинэ боломж бололцоог нээх бидний найдлага юм“ НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын гүйцэтгэх Нарийн бичгийн дарга Ибрахим Тиав (Ibrahim Thiaw).

Гараг дэлхийн эргэлтийн цэг

Бид НҮБ-ын Экосистемийг нөхөн сэргээх арван жилийн (UN Decade on Ecosystem Restoration (2021-2030)) дунд хугацаанд ирснээр үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгцээ хэзээ хэзээнээс илүү тулгамдаж байна. Дэлхий дахины зорилтыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 1.5 тэрбум га талбайг нөхөн сэргээх шаардлагатай. Одоогоор Их 20-ийн Дэлхий дахинд газрыг нөхөн сэргээх санаачилга (G20 Global Land Restoration Initiative), Их ногоон хэрэм санаачилгын (Great Green Wall Initiative) хүрээнд 1 тэрбум га газрыг нөхөн сэргээх амлалт аваад байна. Одоо энэхүү зорилтыг үйл хэрэг болгох цаг ирлээ.

Хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх

Санхүүгийн зорилго тодорхой, бодит үйл ажиллагаа явагдах ёстой. НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцоос цөлжилт, газрын доройтлыг бодитоор бууруулахад, 2025-2030 оны хугацаанд, дэлхий даяар өдөр тутам 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон байна. Одоогийн хөрөнгө оруулалт жилийн 66 тэрбум ам.доллароор дутаж байгаа, үүний дөнгөж 6 хувь нь хувийн хэвшлээс гарч байна.
Засгийн газрууд болон бизнесүүд аль аль нь зорилт ба хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд санхүүгийн шинэ үүсвэрүүдийг нээх, зохистой ажлын байр бий болгох, инновац нэвтрүүлэх, уламжлалт мэдлэгийг үр дүнтэй ашиглах хэрэгтэй.

Өдөрлөгийн тухай

Цөлжилт, гангийн өдрийг жил бүрийн 6 сарын 17-нд тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1994 онд шийдвэрлэсэн. Энэ өдрийн үйл ажиллагаагаар цөлжилт, газрын доройтол, гангийн талаар мэдээлэл олгож, шийдлүүдийг сурталчилдаг. Энэ өдөр дэлхий даяараа арга хэмжээ зохион байгуулдаг. 2025 оны энэ өдрийг тэмдэглэх арга хэмжээг Колумб Улсын засгийн газар өөрийн оронд хүлээн авч байна. Өмнөх жилүүдэд Герман (2024), АНУ (2023), Испан (2022), Коста Рика (2021), Солонгос (2020), Турк (2019), Эквадор (2018), Буркина Фасо (2017) улсуудад тэмдэглэж байв.
Газрыг нөхөн сэргээх үйл хэрэгт бидэнтэй 6 сарын 17-нд нэгдэж, тогтвортой эрх тэгш ирээдүйн төлөө шинэ боломжуудыг нээхэд хамтдаа тэмцэцгээе.
Илүү их мэдээлэл авахыг хүсвэл portal.igg.ac.mn  хаягаар зочлоорой.
Мэдээлэл бэлтгэсэн: Цөлжилтийн судалгааны салбарын ЭША, Ц.Энхтөр
2025.05.29


Бусад мэдээлэл