Монгол Улсад Геологийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойд зориулсан "Эрдэм шинжилгээний хурал" амжилттай болж өндөрлөлөө.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж, УИХ-ын гишүүн Б.Уянга, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Т.Мөнхбат нар үг хэлж, нийт геологич, уул уурхайн салбарынханд мэндчилгээ дэвшүүлэв.
УИХ-ын гишүүн Б.Уянга "Монгол Улсыг бүхэлд нь төрөл бүрийн харьцаатай геологийн судалгаанд хамруулж чадсан олон судалгаа бий. Үүний үр дүнд Монгол орны хэмжээнд ашигт малтмалын чиглэлээр ерөнхий зүй тогтлыг гаргаж, илрүүлэхээс гадна 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээж илрүүлсэн. Өнөөдөр энэ танхимд цугласан эрхэм геологичид энэ үйл хэрэгт түүхэн гавъяатай” хэмээгээд салбартаа өнөөдрийг хүртэл ажиллаж, үйл хэргээ үргэлжлүүлж буйд нь талархал илэрхийллээ.
Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр "Бид Геологийн албыг бэхжүүлэх ёстой. Ер нь салбар цаашдаа яаж явах юм гэдгийг урт хугацааны бодлогын зорилтуудтай уялдуулж маш тодорхой болгох ёстой. Энэ асуудлыг ойрын хоёр жилдээ УИХ-аар шийдүүлэхийг зорьж ажиллана. Цацсан шагай шиг байгаа энэ салбарыг буцааж нэгтгэн, институтийг зөв зохион байгуулалтад оруулахаар ажиллана. Салбарын хэмжээний судалгааны ажлыг эрчтэй, системтэйгээр үе шаттай хийж гүйцэтгэнэ” гэв.
Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Т.Мөнхбат "Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн зорилгоо нэгтгэж, олон ажлууд хийхээр төлөвлөөд байна. Судалгаа, шинжилгээний ажлуудыг салбарын мэргэжилтнүүд өөрсдийн хичээл зүтгэлээр гүйцэтгэж, салбарынхаа мэргэжлийн түвшнийг ахиулж, олон улсын харилцааг өргөжүүлэх дүр зураг ажиглагдаж байна” хэмээлээ.
Тус эрдэм шинжилгээний хуралд:
1. Региональ геологи, тектоник
2. Палеонтологи, стратиграфи
3. Седиментологи (Изотоп геохронологи, геохимийн судалгаа)
4. Геофизик, геоморфологи
5. Магматизм, петрологи
6. Ашигт малтмал гэсэн үндсэн зургаан чиглэлийн хүрээнд нийт 28 илтгэл хэлэлцэгдсэнээс Тохокүгийн их сургуулийн Ахисан түвшний хүрээлэгч орчны судалгааны сургуулийн туслах профессор, доктор (Ph.D.) Д.Отгонбаяр "Хэт суурилаг чулуулгийн серпентинжих процесс болон метаморфизм: Монгол дахь офиолитуудын жишээ" сэдэвт судалгааны ажлаараа шилдэг илтгэгчээр шалгарав.
Нийт хуралд оролцсон илтгэгч, зочид, төлөөлөгчид, хамтран зохион байгуулсан АҮЭБЯ, ҮГА, АМГТГ, МУИС, ШУТИС, ШУА-ПХ, МГХНЗ, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлж цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Монголын геологи бадартугай.










Бусад мэдээлэл