Микропалеонтологийн лаборатори
ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Тус лаборатори нь Монгол орны нутаг дэвсгэрт тархалттай эртний далай, тэнгисийн гарал үүсэлтэй цахиурлаг, шохойлог тунамал хурдаст агуулагдах бичил амьтан болох радиоляр, конодонтын судалгааг хийж, хурдас хуримтлалын цаг хугацаа, орчин нөхцлийг тодорхойлох үндсэн зорилготой. Улмаар шохойлог хурдас чулуулгаас конодонт, цахиурлаг чулуулгаас радиоляр, конодонтын үлдвэрийг шоргоолжны (HCOOH) болон хайлуурын хүчил (HF)-д уусган саармагжуулж, илрүүлсэн микро амьтны үлдвэрийг төрөл, зүйлийн түвшинд тодорхойлсноор давхраажсан хурдасны биостратиграфийн хил заагийг нарийвчлан тогтооно.
АЧ ХОЛБОГДОЛ
Конодонт болон радиолярын төрөл, зүйлүүд нь богино хугацаанд эволюци хөгжил явагдаж байсан тул стратиграфийн нарийвчилсан ангилал хийх үндэс болдог. Сүүлийн жилүүдэд микропалеонтологийн судалгаа эрчимтэй хөгжиж байгаа нь бүс нутгийн биостратиграфийн ангилал боловсруулах, далай тэнгисийн усны гүнийг тодорхойлох, эртний тектоник орчныг сэргээн босгох, геологийн зураглал болон нефть, байгалийн хий зэрэг ашигт малтмалыг хайх зэрэгт өндөр ач холбогдолтой.