Петрографийн лаборатори
ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Петрографийн лаборатори нь суурь судалгааны болон грант төсөл, геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийж гүйцэтгэдэг компаниудын чулуун дээжинд шлиф бэлтгэх, хүдрийн дээжинд аншлиф бэлтгэх, петрографийн бүрэн болон хураангуй бичиглэл хийх, дээж хөрөөдөх, өнгөлөх, зүсэх, геохими, геохронологийн шинжилгээнд зориулан дээж бутлах, шигших, угаах, хүнд, хөнгөн фракц ялгах, циркон түүх зэрэг анхан шатны боловсруулалтын ажлуудыг багажит тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар хийж гүйцэтгэхээс гадна инновацын бүтээгдэхүүн бий болгон ажилладаг.
АЧ ХОЛБОГДОЛ
Петрографийн судалгаа нь магмын, тунамал, хувирмал чулуулгийн эрдэслэг бүрэлдэхүүн, структур, текстур, хувирлыг тодорхойлох, тухайн судалгааны талбайд тархалттай геологийн биетийг ангилах, хил заагийг тодруулах, геологийн зураг зохиох зэрэг суурь судалгааны ажлын үндэс суурь болох бөгөөд сүүлийн жилүүдэд геохимийн болон геохронологийн судалгаатай хослуулан хэрэглэснээр хурдас, чулуулгийн найрлага, тэдгээрийн эх үүсвэр, гарал үүсэл болоод тектоник орчныг тодруулж, эртний геологийн хөгжлийг сэргээн босгох чухал ач холбогдолтой юм.