ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Одгэрэл Өдрийн сонинд өгсөн ярилцлага.
ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Одгэрэл Өдрийн сонинд өгсөн ярилцлага.



Линк

-Танай хүрээлэн геологийн чиглэлээр онолын суурь судалгаа явуулдаг ганц байгууллага. Ямар судалгааны үр дүнгээ онцлох вэ?

-Геологийн хүрээлэн анх 1966 онд байгуулагдсан. Тухайн үед Монгол Улсад геологийн онолын суурь судалгаа чухал гэдэг шаардлага тавигдаад, байгуулагдаж байсан хүрээлэн. Би энэ хүрээлэнд 1994 оноос одоог хүртэл ажиллаж байгаа. Манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гол амжилт томоохон зураг зүйн бүтээлүүд болох Монгол Улсын нутаг дэвсгэрийн Геологийн, Тектоникийн зэрэг анхны 1:1000000-ын масштабын өнгөт зургуудыг өөрсдийн хүчээр зохиосон. Эдгээр бүтээлүүд нь манай орны геологийн үйлдвэрлэл, практикт нэвтэрч, их сургуулиудын сургалтын шинэлэг хэрэглэгдэхүүн болсны сацуу геологи, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Та боржин чулуу судалдаг гэсэн үү?

-Миний судалгааны чиглэл Монгол оронд тархсан мезозойн настай гранитоид чулуулгийн судалгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэн уулын чулуулгуудын дотор төрөл бүрийн найрлагатай магмын чулуулаг хамгийн өргөн тархсан байдаг. Магма гэдэг нь дэлхийн гүнд бүрэлдэн тогтох нарийн найрлага бүрэлдэхүүнтэй халуун хайлмал бодис, магмын чулуулаг гэдэг нь магма царцаж хатуурахад бүрэлдэн тогтсон чулуулаг юм. Эдгээр магмын чулуулаг нь палеозой (541-252 сая жил), мезозойн (252-145 сая жил) эринд өргөн тархдаг. Энгийн жишээ хэлэхэд, Богд уулыг үүсгэсэн чулууг судалдаг гэсэн үг.

-Боржин чулууг юунд ашигладаг вэ?

-Сүүлийн үед чулууг ашиглан дөрвөлжин шоо болгон гэр хороолол доторх замуудыг хийсэн харагддаг. Түүнчлэн хөшөө дурсгалууд хийгдэж байна. Ер нь мезозойн үед үүссэн боржингоор барилгын материал буюу цонхны тавцан, чулуун шал, ширээний тавцан зэргийг хийдэг. Харамсалтай нь үндэсний үйлдвэрлэгч ховор, ихэнх нь гадаад улсуудаас оруулж ирж байна. Миний бодлоор энэ бүхнийг Монголдоо үйлдвэрлээд, эх орныхоо түүхий эдийг ашиглаад гадагшаа урсаж буй мөнгөн урсгалын тал нь боловч дотооддоо үлдвэл хэрэгтэй болов уу. Улсаас бодлогоор дэмжээд олборлох эрхийг нь олгоод харин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд орчин үеийн үйлдвэрийн багаж, тоног төхөөрөмж ашиглаад хийвэл үр дүнд хүрэх л байх. Сүүлийн үед ашиглаад байгаа ногоовтор туяатай чулуу нь ховор металл агуулагддаг амазонит-альбитат боржин юм. Гандангийн дотор, Содон хорооллын урдуур гэр хороолол дотор ийм боржин харагддаг. Манайхан шоо шиг зүсээд, зам тавихад хэрэглэж байна. Барилгын материалд ашиглаж байгаа бүтээгдэхүүний зарим нь шахмал, зарим нь жинхэнэ чулуу байдаг.

-Ийм боржин чулуу хаа сайгүй байх уу?

-Манай оронд өргөн тархсан. Хээрийн судалгааны ажил хийгээд явж байхад Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Жанчивлангийн рашааны баруун урд уул, хуучнаар Авдрантын хорих анги зэрэгт мезозойн боржингоор үйлдвэрлэл явуулж эхэлж байсан. Тэд уулын чулуулгийг том томоор нь хөрөөдөж зүсээд бэлтгэж байна лээ. Нарийн боловсруулах механизм тухайн үед байгаагүй.

-Залуу насны чулуулаг гэж ярьж байнаМонголын нутагт 10 галавт хамаарах чулуулаг тархсан гэж сонслооМанай чулуулаг баялаг бүтэцтэй гэсэн үг үү?

-Монгол Улс Төв Азийн ороген бүсийн төв хэсэгт оршдог нь гадаад, дотоодын судлаачдын сонирхлыг их татдаг. Эртний чулуулаг нь ч байна, залуу нь ч бий, бүх насны чулуулаг байдаг. Монголын Геологийн холбооноос Монгол орны “Хамгийн хөгшин 2.7 тэрбум жилийн настай саарал гнейс” Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт Байдрагийн голын орчимд тархсан гэдгийг баталгаажуулсан пайз хүртэл тавьсан байдаг.

-Эртний чулууг эм танд хэрэглэдэг үү?

-Уламжлалт анагаах ухаанд эрт дээр үеэс чулууг эм тан хийхэд ашиглаж ирсэн түүхтэй юм билээ. Хүмүүс энэ талаар асууж сурдаг. Боломж гарсан үед хамтарч ажиллах тохиолдол ч байдаг. Уламжлалт анагаах ухаанаар суралцдаг нэг залуу судлаач саяхан “Жонш гэдэг чулуу эмэнд ордог юм аа, энэ Монголд хэр тархалттай вэ, энэ талд танай судлаачид туслаач” гээд ирж байсан. Бид туслаад л явуулсан. Судалгаа хийж байгаа хүмүүс багаар ажиллаад, бие биенээ дэмжээд, анагаахын судлаачдад чулуу хэрэгтэй бол бидэнд ханддаг, бидэнд анагаахын мэдээлэл хэрэгтэй болоход тэдэнд хандах зэргээр зарим зүйлд хамтын хүчээр зүтгэх нь илүү үр дүнтэй юм болов уу гэж бодогддог.

-Дээр залуу судлаачдын хурал дээр таны хэлснийг саналааБаруун аймгийн иргэдэд хавдар их байгааг амьдралын хэв маягтай нь холбож тайлбарлахаас гадна уух усэрдэс чулуулагтай нь холбож судлах хэрэгтэй гэсэн санаа хэлж байсан?

-Анагаахын нэг судлаач баруун аймгийн хүмүүсийн дотор ходоодны хавдар, элэгний өвчлөл их илэрч байна гэсэн судалгаа гарсан гэж хэлж байсан. Энэ хурдас чулуулагтайгаа холбоотой, түүн дээгүүр урсаж байгаа уснаас ч болж магадгүй гэсэн бодол төрөөд асууж байсан юм. Энэ төрлийн судалгааг манай доктор С.Ариунбилэг ОХУ-ын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран хийж байсан юм. Тэр судалгаанд юу ажиглагдсан гэхээр баруун болон зүүн аймгуудын усанд шинжилгээ хийж үр дүн гаргаж байсан. Тэгэхэд баруун аймгуудаас авсан усны дээжинд уран, хар тугалга, лити байх ёстой хэмжээнээсээ өндөр гарч байсан. Тэгээд бид урсаж байгаа чулуулгаасаа болоод усных нь найрлага хүртэл өөрчлөгддөг юм байна гэж ярилцаж байсан юм. Хүнд металлууд өндөр байхаар хүний биед яаж нөлөөлөх вэ гээд л цаашаа судалбал илүү сонирхолтой байх болов уу. Ийм цогц судалгаанууд бодлогоор дэмжигдээд хийгдвэл илүү нарийн үр дүн гарах юм болов уу гэж ярьсан юм.

-Манай геологичид шинэ ашигт малтмалын уурхай нээж байгаа болов уухайгуул хийж байгаа болов уу гэж хүмүүс сонирхох байх?

-Ер нь Монгол ашигт малтмалаараа баялаг орон шүү дээ. Эрэл хайгуулын шатандаа яваа, цаашлаад орд болох магадлалтай зөндөө л газар байгаа. Хүмүүс геологи, уул уурхай хоёроо ялгаж салгаж ойлгодоггүй. Геологийн судалгааны ажил нь уул уурхайн ажил эхлэхээс 5-10 жилийн өмнө хийгддэг. Манай хүрээлэнгийн хувьд таны асууж байгаа шиг эрэл хайгуулын шатны ажил хийдэггүй. Шинжлэх ухааны онолын судалгаа хийж, энэ хурдас чулуулгийн геологийн тогтоц, хил зааг, үүссэн геодинамик орчин, гарал үүсэл, бодисын найрлага гэх мэтчилэн нарийн зүйлүүдийг судалдаг. Бид бүхэн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж хамтарч ажиллахыг зорьдог доо. Сүүлийн үед ашигт малтмал эмх замбараагүй олборлодог, гадныхан явдаг болсноос үүдээд судалгаа хийгээд явж байгаа хүмүүсийг хүртэл орон нутагт мод, саваа бариад хөөх нь холгүй болчихоод байгаа.

-Сансрын тандан судалгааг манайхан хэр ашигладаг вэМонгол ямар ашигт малтмалтайг бусад улсууд сансрын зургаар тандах боломжтой юу?

-Ер нь манай геологийн судалгаанд сансрын зургийн боловсруулалт хийгээд, хурдас чулуулгийн өнгө өгч байгаа байдлаар нь энэ нутаг дэвсгэрт ийм чулуулаг тархсан байна гэдгийг тодорхойлж программ дээрээ сайн боловсруулалт хийгээд, түүнийгээ зөв тайлж чадвал эрж хайж байгаа юмаа олох боломж нь өндөрсөнө. Дээр үед агаарын зураг ашигладаг байсан шүү дээ. Одоо бол ихэвчлэн сансрын зураг гэж ярьж байгаа. Манай ашигт малтмалыг сансрын зураг ашиглаад тогтоочихно гэж бас ойлгож болохгүй. Сансрын зурагнаас “Энд ийм хурдас тархсан байна” гэж харна. Үүнтэй холбоотой ямар ашигт малтмал үүсч болохыг тогтооно. Энэ чулуулаг ямар ашигт малтмал дагуулах зүй тогтолтой билээ гэж харна. Түүнээс биш шууд сансрын зураг хараад, энд ийм ашигт малтмал байна гэх боломжгүй шүү дээ. Шат шатны боловсруулалт, судалгаа хийж байж л эцсийн үр дүн гарна.

-Та бүхэн шинэ технологисудалгааг хэр нэвтрүүлж байгаа вэ?

-Бидний хувьд аль болох дэлхий нийтэд гарч байгаа шинжлэх ухааны онолын шинэ судалгаануудыг судалж, Монголдоо нэвтрүүлэх, манайд гарч байгаа шинэ судалгааг гадаадын оронд түгээн дэлгэрүүлэх ажил хийж байгаа. Манайд геологийн судалгаа хийх дээж материал цуглуулахад боломжтой шүү дээ, ядаж л шинжилгээний дээж авахад гарц сайтай. Бид гадаадын судлаачидтай хамтран хээрийн судалгаа явуулж, тэдний нарийн багаж төхөөрөмжтэй их сургууль, хүрээлэнгүүдэд очиж боловсруулалтаа хийж ажилладаг.

-Гадныхантай хамтарсан баг ажиллаж байгаа юуямар чиглэлээр судалдаг вэ?

-1960-1990-ээд оны үед оросуудтай хамтарсан экспедици их ажиллаж байсан. Монголын геологийн нэлээд их судалгааг энэ үед хийсэн байдаг. Сүүлийн үед экспедици социализмын үеийнх шиг бүрэн утгаараа хэрэгжсэн юм байхгүй. Хамтарсан төслийн хүрээнд гадны улсуудтай хамтарч судалгаа хийж байгаа. Ийм хамтарсан судалгаанууд хүрээлэнгүүдэд маш их шинэ үр дүнг бий болгож судалгааны ажил шинэлэг мэдээллээр баяждаг.

-Манай орны чулуулаггеологийн бүтэц тогтоц хоёр хөрштэйгөө адилхан байдаг юм ууэсвэл өөр онцлогтой байх уу?

-Геологийн хурдас чулуулаг нь ОХУ-ын нутагт өөр, Монголын нутагт өөр гэхгүй. Хил дамнаад л явна шүү дээ. Монголд орж ирээд дуусах, эсвэл Монголоос гараад Хятадад дуусах жишээтэй. Тайраад хөрөөдсөн түлээ шиг биш. Цэцэг ургаж байснаа бургас болно гэж үгүй. Тийм учраас геологийн ямар орчин нөхцөлд үүссэн байна, түүгээрээ хэдий хэрийн газар нутгийг хамран тархсанаараа л хэмжигдэнэ.

-Хатгал тосгон дахь геологийн судалгааны төвийг өргөжүүлэн геотуризм хөгжүүлнэ гэсэн үүХатгалыг сонгосон нь ямар учиртай вэ?

-Манай хүрээлэн 2003 онд гурван улсын хамтарсан төсөл хэрэгжүүлсэн юм. Орос талдаа Байгал нуурын гүнийг өрөмдөж судалсан. Монголд анх удаа манай хүрээлэн Хөвсгөл нуурын гүнийг өрөмдөж судалсан юм. Хамгийн гүн нь 80 гаруй метр өрөмдсөн байх шүү. Хөвсгөл нуурын хурдсын судалгааг хийсэн. Тэгэхэд Хөвсгөл аймгийн Хатгал сумын төвд байрлах Геологийн судалгааны төвийг бий болгосон. Одоогоор Геологийн судалгааны төв Геологийн хүрээлэндээ ч эргэж ирээгүй л байгаа. Удахгүй энэ асуудал шийдэгдэж байгаа тул цаашид Геологийн судалгааны төвөө түшиглээд, шинжлэх ухааны судалгааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх төв болгоод сонирхол татахаар болгоно гэж мөрөөдөөд л яваа.

-Манайхан хөөрөг зөрүүлэх соёлтойТанаас хүмүүс чулуу асуудаг уухөөрөг таниулах уу?

-Тийм хүсэлт зөндөө ирдэг. Энэ яг ямар чулуу вэ гэж асуудаг. Ийм учиртай юм аа гээд тайлбарладаг. Хөөрөгний чулуу өөрийн мэдэх хэмжээндээ танина аа. Манайхан мана, гартаам, хаш хөөрөг гээд ярьдаг. Монголд цагаан хашийн орд олдсон юм одоогоор байхгүй. Хөвсгөлд ногоон хаш байдаг. Гэхдээ тэр нь бүтцийн хувьд Оросынх шиг гоё байдаггүй л юм билээ. Хөөрөг хийе гэвэл ямар ч чулууг амьдруулж болно. Ээлтэй, үзэмжтэй чулуу гээд хувь хүний сонирхол янз бүр байдаг даа.


    Бусад мэдээлэл