Геологийн шинжлэх ухааныг сурталчлах зорилгоор Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 41 дүгээр сургуулийн 12 болон 11-р ахлах бүлгийн 50 гаруй сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сэдвийн хүрээнд геологич мэргэжил, геологийн салбарууд, геологийн үндсэн ойлголтын талаар илтгэл хийж, геологийн мэргэжил сонголтын талаар зөвлөгөө өгөв.
Сурагчдад Геологи гэдэг үгийн утгаас эхлэн геологич мэргэжил юуг судалдаг, дэлхийн үүсэл хөгжил, дотоод, гадаад бүтэц, чулуулгийн нас, найрлага, тектоник хөдөлгөөнүүд, геологийн процессууд, тэдгээртэй холбоотой газрын гадаргад ямар өөрчлөлтүүд бий болдог талаар байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудын жишээн дээр тайлбарлан илтгэхийн зэрэгцээ тэдгээрийн хэрэглэлээ болон ач холбогдлын талаар танилцуулав.
Мөн сурагчдад томоохон ордуудын хүдрийн болон чулуулгийн дээжийг үзүүлэн байдлаар бэлтгэсэн цуглуулгыг танилцуулж, геологичдын хээрийн ажилд хэрэглэдэг багаж хэрэгслийг таниулан үзүүлсэн ба бинокуляраар чулуулагт хадгалагдсан бичил биетүүдийг харуулах зэрэг сурагчдад сонирхолтой байж болох арга хэлбэрээр мэргэжил сурталчлах үйл ажиллагаа хийгдлээ.
Эрдэс, чулуулаг, ашигт малтмалын талаарх ойлголтуудыг богино хэмжээний бичлэгүүд, зурагт постеруудыг ч танилцуулан, геологичийн хээрийн судалгааны үед хэрэглэгдэх багаж хэрэгсэл (GPS, лүп, алх, компасс, геологийн зураг гэх мэт), сонирхолтой дээж, материалуудыг биет байдлаар үзүүллээ.
Мэргэжил сурталчлах үйл ажиллагаанд ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн залуу судлаач докторант Д.Шарав, Г.Оргил, Б.Цэрэндулам, ЭШДадА С.Оюунболд, О.Өнөрбаяр, С.Болорцэцэг нар оролцов.