“ЗАЛУУ СУДЛААЧ-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ЗАЛУУ СУДЛААЧ-2023” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсын ууган геологич, геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “ЗАЛУУ СУДЛААЧ-2023” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн геологийн хүрээлэн 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн Геологийн хүрээлэн, МУИС-ийн ШУС, ШУТИС-ийн ГУУС, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, “Жи Өү Эйч” ХХК, “Тэлмэн Ресурс” ХХК зэрэг байгууллагуудаас залуу судлаачид, геологичид, докторант, магистрант, бакалавр оюутнууд идэвхтэй оролцсон бөгөөд хурлыг нээж ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Одгэрэл,  “Велсмон” ХХК-ний ахлах геологич, доктор Т.Хасмарал, Дүгэрсүрэн сангийн удирдах зөвлөлийн гишүүн Т.Сайнзаяа нар үг хэлэв.  Хурлын шүүгчдээр  ШУТИС-ийн Технологийн эрдэс судлал, инновацын төвийн захирал, доктор, профессор С. Жаргалан, ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭША, доктор Б.Ганбат, МУИС, ШУС-ГГТ-ийн доктор Л.Оюунжаргал нар уригдан ажиллав.

Хуралд 15 илтгэл хэлэлцэгдсэнээс илтгэгчдийг мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнгээр нь 2 ангилал тус бүрд 1, 2 ба 3-р байр шалгаруулж мөнгөн шагнал, өргөмжлөлөөр урамшуулаа.Үүнд:

Магистрант, Бакалавр болон бакалаврын оюутны ангилалд:

1-р байрыг МУИС, ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Геологи-геофизикийн танхимын оюутан  П.Мөнгөнтулга “ Монгол орны зарим ордуудын хүдрийн эрдсүүд: Алтжилтыг талстын энгийн дүрстэй холбох нь” сэдэв

2-р байрыг ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан М.Бадамханд “Говь-Алтай, Шартээг орчмын геологийн тогтоц, остракодын судалгаа” сэдэв

3-р байрыг МУИС, ШУС-ийн магистрант Э.Учрал “Хэрлэн голын сав газрын усны чанарын судалгаа” сэдэв

Докторант, магистрын ангилалд:

1-р байрыг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭША, докторант Д.Эрдэнэчимэг “Цүүгэлийн ам орчмын дээд палеозойн тунамал чулуулгийн хурдас хуримтлалын эх үүсвэр (Хархорины бүс)” сэдэв

2-р байрыг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн ЭША, магистр Г.Оргил “Хулж-Ерөөгийн бүсийн Шарын голын дүүрэгт тархалттай гранитоид чулуулгийн геохимийн судалгаа” сэдэв

3-р байрыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн ЭША, магистр Д.Отгонсүрэн “Ноёнсумын формацийн триасын ургамлын судалгаа” сэдвээр тус тус шалгарчээ.

“ЗАЛУУ СУДЛААЧ-2023” эрдэм шинжилгээний бага хурлыг ивээн тэтгэж залуу судлаачдынхаа эрдэм судлалын ажлыг хөхүүлэн дэмжин ажилласан “ВЕЛСМОН” ХХК-ийн захирал Б.Мөнхбат болон компанийн хамт олон, “ДҮГЭРСҮРЭН САН”-ийн хамт олондоо ажлын амжилт хүсэж, баярлаж талархсанаа илэрхийлье.

ШУА-ийн Геологийн хүрээлэн


Бусад мэдээлэл