ЭМГЭНЭЛ Доктор Зундуйн ДАШДАВАА /1945-2022/
ЭМГЭНЭЛ Доктор Зундуйн ДАШДАВАА /1945-2022/

Геологи-эрдэс судлалын ухааны доктор, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, геологич Зундуйн Дашдаваа нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын геологийн шинжлэх ухаан, геологийн салбар, геологичдод хүнд гарз тохиолоо.

Зундуйн Дашдаваа нь геологийн салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэл-сургалтын уялдаа холбоог бэхжүүлэх, залуу үеийг бэлтгэх их үйлст өөрийн хүч хөдөлмөрөө зориулсан эрхэм эрдэмтэн геологич хүн билээ.

З. Дашдаваа нь 1945 онд Дорнод аймгийн Баянтүмэн суманд төржээ. Тэрээр 1954-1964 онд Чойбалсан хотын 10 жилийн дунд сургууль, 1964-1969 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг тус тус дүүргэж, уулын инженер-геологич мэргэжил эзэмшин, ажлын гараагаа ШУА-ийн Геологи, Эрдэс баялгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаас эхлэн, эрдэм шинжилгээний ахлах ажилтан хүртлээ 40 гаруй жил ажилласан.

З. Дашдаваа нь петрографи, галт уул судлалын чиглэлээр мэргэшиж, 1979 онд Новосибирск хот дахь Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Геологи, Геофизикийн хүрээлэнд “Төв Монголын Баянхонгорын бүс, Нууруудын хөндийн кайнозойн базальтууд” сэдвээр геологи-эрдэс судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан.

Тэрээр ЗХУ-ын (хуучин нэрээр) олон эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байсан бөгөөд залуу галт уулын чулуулгаас гадна манай оронд тархсан төрөл бүрийн эртний хурдас чулуулгийн чиглэлээр өргөн хүрээтэй судалгааны ажил явуулж эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл, үйлдвэрлэлийн тайлан, зураг, зөвлөмж болон шинжлэх ухааны сурталчилгааны хэлбэртэй нийт 100 орчим бүтээл туурвисан юм. Түүний туурвисан бүтээлүүдээс хамтран зохиосон БНМАУ-ын Үндэсний атласын Кайнозойн вулканизмын зураг, Умард Монгол, Хангайн уулсын геологийн зургууд олны хүртээл болж байна.

З. Дашдаваа нь Монголын ШУА-ийн Геологи, Эрдэс баялгийн хүрээлэнд ажиллаж байх хугацаандаа олон арван суурь судалгааны төсөл хөтөлбөрт амжилттай ажиллаж байлаа. Тухайлбал “Монгол орны хувирмал бүрдлийн геодинамик ба хүдэржилт” сэдэвт ажлын хүрээнд Монгол орны хувирмал бүрдлийн гарал үүсэл, бүтэц, тэдгээрийн хүдэржилтийн ялгааг илрүүлсэн нь Монголын геологийн шинжлэх ухааны судалгаанд зохих хувь нэмэр болсон юм. Мөн “Тамир голын сав газрын магматизмын хөгжил ба геотермийн нөхцөл” сэдэвт ажилд Хангайн уулсын хэмжээнд кайнозойн вулканизмын идэвхжилийн үр дүнд үүссэн олон насны базальтыг ялган, тэдгээрийн хувьсал хөгжил нь олигоцены толеитоос эхлэн миоцен, плиоцены сулавтар шүлтлэг трахибазальт, трахианздезит-базальтаар дамжин плейстоцен-голоцены калийн шүлтэт базальтын бялхалтаар төгссөнийг тодорхойлсноос гадна вулканизмын процесс цаашид идэвхжих өндөр магадлалтай талаар таамаглал дэвшүүлсэн байна. Монгол орны Өрнөд, Умард, Төвийн районууд, тухайлбал Их нууруудын хотгор, Ханхөхий, Жаргалант, Дарви, Сээрийн нуруу болон Баянхонгорын бүс, Хөвсгөлийн өмнөд ба дорнод хэсэгт тархсан венд, кембрийн хурдас чулуулаг, Бүрэнхааны фосфорит, Өвөрмараат голын хөнгөнцагааны хүдэржилтийг нарийвчлан судалж бүс нутгийн геологийн тогтоц, хүдэржилтийн онцлог, насны ангилалыг тодруулахад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.

З. Дашдаваа нь шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх талаар ихээхэн идэвх зүтгэл гарган үйлдвэрлэлийн байгууллагуудтай байнгын уялдаа холбоотой ажиллаж ирсэн. “Хөнгөнцагааны зарим ордын техник эдийн засгийн үндэслэл, технологи” төслийн дагуу хөнгөнцагааны хүдэр болох Өвөрмараат голын ордын анхны хайгуулын ажлыг гардан хийлцэж, нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр бодож батлуулан үйлдвэрлэлд шилжүүлжээ.

Сүүлийн жилүүдэд төр засгаас хэрэгжүүлж байгаа “Алт”, “Мянганы зам” хөтөлбөрүүдийн хүрээнд Заамарын хөндий, Байдраг, Өлзийт, Ерөө голын сав нутгийн зарим хэсгийн алтны шороон ордын нарийвчилсан хайгуулыг биечлэн хийлцэж, улмаар алтны нөөц өсгөхөд чухал хувь нэмэр оруулсан.

Мөн алтны шороон ордын олборлолт, шинэ технологи нэвтрүүлэх ажилд Англи, Голландын мэргэжилтэнүүдтэй хамтран ажилласны дүнд “Их алт-Заамар” компанийн эзэмшлийн талбайд нарийвчилсан болон ашиглалтын хайгуулаар үйлдвэрлэлийн алтны нөөцийг нэмэгдүүлж, тухайн үед гадаадын мэргэжилтэнүүдтэй хамтарч анх угсралцаж туршсан алт тунгаах машин нь 95-98%-ийн металл авалттай бөгөөд өндөр үр ашигтай ажилласаар байна.

Тэрээр Баянхонгор аймгийн хүрмэн блокийн үйлдвэрийн галт уулын шаарганы хангамжийн талаар судалгаа явуулж, зөвлөмж боловсруулж өгсний зэрэгцээ Шинжлэх Ухаан Үйлдвэрлэлийн “Автозам” нэгдлийн ажилтнууд болон Казакстаны эрдэмтэдтэй хамтарч автозамын суурин технологийн судалгааг хийсний үр дүнд “Замын суурийн хольц” нэртэй БНМАУ-ын №880 дугаар бүхий патентыг хамтарсан хэлбэрээр 1994 оны 06-р сарын 16-нд авчээ.

“Ньюком” ХХК-ийн геофизикчидтай хамтран Бага Шаргалжуутын халуун рашааны гүний эх үүсвэрийг илрүүлсэн байна.

З. Дашдаваа нь шинжлэх ухаан-боловсролын холбоо улам нягтарч байгаа өнөө үед сургалтын ажиллагаанд идэвхтэй оролцон “Газарчин” дээд сургуульд минералоги, уурхайн геологи, ашиглалтын хайгуул, ашигт малтмалын ордын хайгуул зэрэг геологи, уул уурхайн чиглэлээр мэргэжлийн гол хичээлүүдийг зааж байлаа.

З. Дашдаваагийн хөдөлмөр, бүтээлийг төр засгаас үнэлж “Тэргүүний геологич”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Ардын Хувьсгалын 80, 100 жилийн ойн медалиар, Монголын ахмад багш нарын холбооноос Есөн эрдэнийн медалиар тус тус шагнажээ.

 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

УМ МА НИ БАД МЭ ХУМ

 

 

ШУА-ИЙН ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН       

 

 


Бусад мэдээлэл