ЭМГЭНЭЛ Доктор Ганжуурын ЭЭНЖИН /1946-2022/
ЭМГЭНЭЛ Доктор Ганжуурын ЭЭНЖИН /1946-2022/



Геологи-минералогийн ухааны доктор, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, геологич Ганжуурын Ээнжин нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын геологийн шинжлэх ухаан, геологийн салбарууд, геологичдод хүнд гарз тохиолоо.  

Ганжуурын Ээнжин нь 1946 онд Завхан аймгийн Сонгино сумын нутагт төржээ. Тэрээр 1970 онд МУИС-ийг дүүргэж, геологич инженер мэргэжил эзэмшин, ажлын гараагаа 1970 онд ШУА-ийн Геологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж, улмаар  1981-1984 онд Геологи уул уурхайн үйлдвэр шинжилгээний институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1984-1990 онд Мөрөнгийн зураглалын экспедицид Монгол-Оросын хамтарсан бүлэгчилсэн геологийн зураглалын ангид ерөнхий геологич, 1:50000-ны эрэл-зураглалын ангийн ашигт малтмалын ахлах геологич, 1990-2014 онд ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд, 2015-2018 онд ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар тус тус ажиллаж байлаа.  

1990 онд ОХУ-ын ШУА-ийн Москва хотын Геологийн хүрээлэнд “Өмнөд Монголын герциний бүсийн төв хэсгийн тогтоц ба хөгжил” сэдвээр геологи-минералогийн ухааны докторын зэргийг хамгаалсан.

Г.Ээнжин нь мэргэжлээрээ 50 орчим жил ажиллахдаа геотектоникийн чиглэлээр онолын судалгааг, үйлдвэрлэлийн чиглэлээр металлогений судалгааг хийж, шинжлэх ухаан үйлдвэрлэлийг хослуулан эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн 140 гаруй  бүтээл туурвиж, ашигт малтмалын 40 гаруй орд, илрэлүүдийг олж, илрүүлэн нээлт хийсэн  гавъяатай геологич билээ.

Тэрээр ШУА-ийн Геологийн хүрээлэн, ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн, ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнд хэрэгжүүлсэн “Хөнгөнцагааны зарим ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, технологи”, “Монгол орны хувирмал бүрдлийн геодинамик ба хүдэржилт”, “Улаанбаатарын дүүргийн геологийн сонгомол бүтцүүдийн тогтоц”, “Тува болон Баруун Монголын каледоны струтурын зүй тогтол, гарал үүслийн онцлог”, ”Хангайн хожуу палеозойн бүслүүрлэг магматизмын эх үүсвэр ба геодинамик”, ”Өмнөд Монголын атриат бүсийн геодинамик ба хүдэржилт” зэрэг суурь судалгааны төслүүдийн  удирдагч, үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байв. Мөн Монгол, ОХУ-ын ШУА-иудын хамтарсан  суурь судалгааны “Монгол орны венд-кембри болон түрүү палеозойн плит доторхи магматизмын мантийн эх үүсвэрийн изотоп-геохимийн онцлогууд ба тэдгээрийн тархалтын зүй тогтол”, “Сонгино, Тарвагатай, Завхан, Тува-Монголын кембрийн өмнөх чулуулаг бүрхэвчүүдийн уулзвар бүсийн бүтэц, үүсч бүрэлдсэн зүй тогтоц” сэдэвт грант төслийн Монголын талын удирдагчаар ажиллаж, олон шинэлэг үр дүнгүүд гаргажээ.

Г.Ээнжин нь Геологийн шинжлэх ухаанд эртний далайн шүрийн язгуур, төрөл, зүйлийг шинээр нээн илрүүлж, Монголын герциний өмнөд бүсийн эртний далайн чулуулаг бүрхэвч үүсч тогтсон түүхэн хөгжил, геотектоникийн тогтоц, эртний газар зүйн орчинг тодорхойлж, стратиграфи, формацийн ангилалыг боловсруулж, ашигт малтмалын төрөлжилт, хүдэржилтийн ерөнхий зүй тогтлын мужлал, Монголын 1:1500000-ны масштабын формацийн зураг, Өмнөд Говийн Сэврэй, Гурвансайхан орчмын Геологи, гидрогеологийн зураг, Баянхонгорын өмнөд бүсийн Их богд орчмын 1:200000-ны масштабын геологийн бүлэгчилсэн зураг, Хөвсгөлийн Цагаан уул орчмын геологи, ашигт малтмалын үнэлгээний 1:50000-ны масштабын геологийн зургийг хамтран зохиож, үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

Тэрээр геологийн чиглэлийн залуу судлаачдыг үйлдвэрлэлийн болон эрдэм шинжилгээний ажилд сургах, МУИС, МУБИС, Улаанбаатарын их сургууль, “Газарчин” дээд сургуульд Монголын геологи, геодинамик, ашигт малтмал, эрэл хайгуулийн хичээлүүдийг зааж, ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд зүтгэж байлаа.

Г.Ээнжингийн хөдөлмөр бүтээлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж  Алтан Гадас Одон, Тэргүүний геологич цол, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, Монгол Ардын Хувьсгалын медалийг хүртээсэн юм.

Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Ум сайн амгалан болтугай

ШУА-ИЙН ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН          


Бусад мэдээлэл